НЧУ-ын Элчин сайд нийтийн тээврийг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон “IVECO” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Одсүрэн хоёр улсын боловсрол, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарын харилцаа өргөжиж буйг онцлоод, цаашид хоёр орны хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх боломж байгааг дурдав.

Мөн БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийлжээ.

Түүнчлэн “IVECO” компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотод байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт автобус, байгалийн шингэрүүлсэн хий, цахилгаан хөдөлгүүр хосолсон автобус болон троллейбусыг дагалдах дэд бүтэцтэй хамтад нь санал болгох боломжтойг цохон тэмдэглэв. Тус компани нь байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус үйлдвэрлэлээр 20 гаруй жилийн туршлагатай, тус салбарт тэргүүлэгчдийн нэг аж.

Уулзалтын үеэр талууд нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *