Зургаан чиглэлийн тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдрууллаа
Гадаад Харилцааны Яамнаас иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзний үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийж буй голлох ажлын талаар мэдээлэл өглөө.
Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг: “Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авахын хүрээнд, тусгаарлалтын хоногийг багасгах, тизний үнийг бууруулах зэрэг асуудлын хүрээнд ажиллаж байна. Гадаадаас ирж буй иргэдийн хүсэлтээр тусгаарлах байрыг өөрсдийнх нь сонголтоор олгоно. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9,411 иргэн байна. Гадаадаас ирэх иргэдийг тавдугаар сарын 1-нээс татан авах ажлыг эхлүүлнэ.
Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээр хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар 29,385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Агаарын замаар 126 удаагийн нислэгээр 22,675 иргэн, авто замын боомтоор 6,710 иргэн эх орондоо ирсэн” гэлээ.
“МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд “Тийзний асуудал дээр иргэд хүсэлт гаргасаар ирсэн тул УОК хуралдаж, МИАТ ТӨХК-д чиглэл өгсөн.
Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ.
-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн тийзийн 530,000 воны үнэтэй үндсэн тариф нь 457,000 вон болж, 72,000 вонноор хямдарч байна.
-Токио чиглэлийн тийз 59,150 иений үндсэн тариф нь 51,050 иен болж 8,100 иенээр хямдарч байна.
-Франкфурт чиглэлийн тийз 830 евро байсан нь 731 евро болж 99 еврогоор,
-Истанбул чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 629 ам.доллар болж, 102 ам.доллароор,
-Нур-Султан чиглэлийн тийз 364 ам.доллар байсан нь 314 ам.доллар болж, 50 ам.доллароор тус тус хямдарч байна.
Энэ нь зөвхөн гадаадаас эх орондоо ирэх тусгай үүргийн нислэгт хамрагдаж байгаа иргэдэд үйлчлэх тариф юм