Пэн Шуайг алга болсонтой холбоотойгоор Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятад дахь тэмцээнээ цуцалжээ

Эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэргүүн Стив Саймон Хятад, Хонконгт болох эмэгтэйчүүдийн теннисний тэмцээнийг цуцалснаа мэдэгдлээ. Учир нь экс Ерөнхий сайдаа бэлгийн дарамтад буруутгасан Хятадын алдарт теннисчин, Уимблдоны аварга Пэн Шуай гурван долоо хоногийн турш олон нийтэд ил гарахгүй байгаа бөгөөд түүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Тиймээс Стив Саймон тамирчдаа эрсдэлд оруулж чадахгүй гэдгээ хэлээд Хятадын эрх баригчдыг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалжээ.

Стив Саймон албан ёсны мэдэгдэлдээ “Удирдах зөвлөл дэмжсэнээр Хятад, Хонконгт болох Эмэгтэйчүүдийн теннисний холбооны бүх үйл ажиллагааг түр зогсоож байгаагаа зарлаж байна. Пэн Шуай үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй тийм газар би теннисчдээ тэмцээнд оролцооч гэж гуйж чадахгүй. Бэлгийн хүчирхийллийн хэргүүдээ няцаахын тулд магадгүй түүнийг дарамталж байгаа тийм газар би яаж тамирчдаа тэмцээнд өрсөлдүүлэх вэ?

Энэ нөхцөл байдлыг харгалзан 2022 онд Хятадад тэмцээн зохион байгуулбал тамирчид болон ажилтнуудад учирч болзошгүй эрсдэлд би маш их санаа зовж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс Эмэгтэйчүүдийн теннисний холбоонд асар их дэмжлэг үзүүлж байгаад би маш баяртай байна. Пэн Шуай болон дэлхийн бусад олон эмэгтэйчүүдийг цаашид хамгаалахын тулд энэ асуудлыг аль болох их хөндөх нь чухал юм. Эмэгтэйчүүдийн теннисний холбоо эмэгтэй теннисчдийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно. Бидний үйл ажиллагаатай зэрэгцээд олон орны удирдагчид санхүүгийн үр дагавраас үл хамааран Пэн болон бүх эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцэнэ гэдэгт найдаж байна.” гэжээ.

Арваннэгдүгээр сарын эхээр Пэн Шуай  Хятадын экс ерөнхий сайдыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичвэр оруулсан ч удалгүй устгасан юм. Үүний дараа Пэн алга болсон. 14 хоногийн дараа Хятадын төрийн хэвлэлүүд Пэн Шуайн зурвасыг нийтэлсэн бөгөөд тэрээр  Олимпын хорооны албаныхантай дүрсээр холбогдож, аюулгүй байгаагаа мэдэгджээ. Гэвч Эмэгтэйчүүдийн теннисний холбоо түүний  аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлээд байна.

Эх сурвалж: Euro Sport

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments