БНСУ-дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо жагсаал зохион байгуулна
Солонгос улсад ”Ванда” 왕따” буюу “Ганцаардуулж дарамтлах” гэх гэмт хэрэг өсвөр насныхны дунд их тохиолддог байна. Тэр тусмаа гадаад хүүхдүүдийг дээрэлхэх явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа гэсэн харамсалтай судалгаа бий.
Хэдхэн жилийн өмнө Орос ээжтэй хүүхдийг Солонгос хүүхдүүд бүлэглэн зодож, өндөр байшингийн дээрээс түлхсэн мэдээлэл цацагдаж байсан бол өчигдөр 13 настай Монгол охиныг 6 цагийн турш өсвөр насны сурагч охид хүчирхийлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ.
Хэлний мэдлэг дутмаг, өөрийгөө бүрэн илэрхийлэх боломжгүй, царай зүс гадаад төрхөөр өөр байх нь бусдад дээрэлхүүлж, бие болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртөх шалтгаан биш юм. Гэвч хуулиараа насанд хүрээгүй хүүхэд бие биенээ ялгаварлан гадуурхаж, хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг улам өдөөсөөр байна.
Ихэвчлэн баян айлын хүүхэд, байгалиасаа хагалгаа хийлгээгүй царайлаг төрсөн хүүхдүүд, эсвэл ядуу айлын хүүхдүүд энэ ванда гэдэг зүйлд их өртдөг гэнэ.
Өнөөдөр цахим орчинд тархаад буй 13 настай Монгол охиныг Солонгосын дунд сургуулийн охид бүлэглэн зодож, татсан тамхины ишээ идүүлж, хүчээр архи уулган 6 цаг дарамталсан хэрэг аль 7 сард болсон ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүйд хохирогч охины гэр бүл гомдолтой байгаа билээ.
Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардан БНСУ-дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо болон бүх хууль хүний эрхийн байгууллагууд жагсаал зохион байгуулахаар болжээ.