“Бандааш” хочит Д.Гантулга МЗХ-гоор “гүйдэлтэй” болсны учир
Хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга “улаан махны” хэрэгт холбогдож гишүүнээсээ татгалзаж байсныг уншигч та санаж буй биз ээ.Тэрбээр 2019 онд шүүхээс хүчингийн хэргээр хоёр жилийн ял сонсч, 2020 оны арванхоёрдугаар сард магадлангаар суллагдсан юм.
Багагүй хугацаанд олны хэл амны бай болсон тэрээр жил хүрэхгүй хугацааны дараа 2021.08.12-ны өдөр МЗХ-ны нэгэн хуралд оролцсоноор эргэн ирэлтээ зарлав.“Ичмээр” хэрэгт холбогдсон Д.Гантулга ичих ч үгүй МЗХ-ны хуралд хүндэт зочны хойморт тухалсан нь тохиолдлын хэрэг байсангүй. Энэ нь дараа дараагийн үйл явдлаар батлагдсан юм.
Тухайлбал МЗХ-ны Хүндэт Ерөнхийлөгч гэх дүрэмд байхгүй албан тушаал өөртөө гаргаж, О.Гэрэлт-Од, Д.Гантулга нар харилцан биенээ шагнаж онигоонд орцгоов. Тухайн үед “гудамжинд гарсан” Д.Гантулгад ямар нэг харьяалал хэрэгтэй байж дээ гэж өнгөц дүгнэх хойгуур барьцаа лавшруулж МЗХ-ны нэг өрөөнд тухлаад авсан.
Ингэж тухалсныхаа дараа Ерөнхийлөгчийн албанаас хамт олны саналаар “хөөгдсөн” О.Гэрэлт-Одтой үгсэн МЗХ-ны өмч хөрөнгийг зарж үрэх, завших ажилд ханцуй шамлан орсон юм. Д.Гантулгад ямар нэг харьяалал хүсэмжилсэндээ биш МЗХ-ны үлдсэн ганц өмч алга дарам газар л чухал байж.
Өдгөө хоёр талцаад байгаа МЗХ-ны гол маргаан ч газрын асуудал. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Гэрэлт-Од эхлээд дэд ерөнхийлөгч, Удирдах хорооныхоо гишүүдээс нууцаар МЗХ-ний нэг хэсгийг нурааж, 16 давхар байшингийн суурь цутгаснаас эхтэй. Энэ хэрэгт гишүүн асан “Бандааш” хочит Д.Гантулга далдуур идэвхийлэн оролцож, О.Гэрэлт-Одыг “сумлаж” байв.
Энэ маргааныг таслан зогсоохоор Үндэсний залуучуудын зөвлөлийн хурлыг товлоод байтал түдгэлзсэн Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, хүлээн зөвшөөрөгдөөгүй хүндэт Ерөнхийлөгч Д.Гантулга нар нууцаар өөр нэг ҮЗЗ хурал зарлаад өрсөх гэж үзсэн. Энэ хуралд НАМЗХ-ын оюутнууд голдуу, дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэн цуглан баахан албан тушаал оноов. Зуун ямаанд 60 ухна гэгчээр 10 дэд ерөнхийлөгч, 10 нарийн бичгийн дарга нэмэгдчихэв.
Мэдээж дүрмийн дагуу сарын өмнө хурлаа зарласан албан ёсны ҮЗЗ-ийн III хуралдаан 10 дугаар сарын 29-ны өдөр болж МЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатарыг тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, Г.Батбаатар нарыг сонгов.
Мөн О.Гэрэлт-Одын овжиноор ашиглаад байгаа дүрмийн гажуудлыг засч хурлаас гарсан шийдвэр, холбогдох бичиг баримтаа УБЕГ-т хүргүүлсэн юм.Гэвч энэ талцалд илүү том эрх ашиг үйлчилж буй бололтой. Өнөөдрийг хүртэл УБЕГ ҮЗЗ-ийн III хуралдаанаас гаргасан шинэ удирдлагыг бүртгэхгүй, албажуулахгүй гэдийсээр.
ДҮГНЭЛТ: МЗХ-ны өмч хөрөнгөөс тоногдож үлдсэн алга дарам газарт “бандааш” хочит Д.Гантулгаар бамбай хийсэн хэсэг улстөрчдийн эрх ашиг, эрх баригч намын савар гүнзгий шигдэв бололтой. Дээр өгүүлсэн эх адаггүй талцлын цаад шалтгаан нь ч энэ. Юу ч болсон МЗХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд өөрийгөө торгоох хүсэлтэй О.Гэрэлт-Од ердөө л “утсан хүүхэлдэй”.