Н.Учрал: Төрийн алба ил тод, нээлттэй байж авлигыг бууруулна
“Авлигын эсрэг үндэсний чуулган” өчигдөр болж өндөрлөсөн. Чуулганд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцлоо.
Тэрбээр “Дэлхийн улс орнуудын Ардчиллын индексийг тодорхойлон гаргадаг Их Британийн Economist Intelligence Unit-ээс гаргасан Ардчиллын индексээр Монгол улс 10-аас 6.48 гэсэн үнэлгээ авч “Гажуудсан ардчилалтай” хэмээх ангилалт багтсан байна.Цаашид энэ үнэлгээг нэмэгдүүлж ардчиллын индексээ нэмэгдүүлэхийн төлөө бид зорих ёстой.
Үүнд саад болж, бидний ардчиллын үзүүлэлтийг хамгийн ихээр хойш татаж буй том үзүүлэлт бол Авлигын индекс. “Транспаренси Интернейшнл”-ээс гаргадаг Авлигын индексээр Монгол улс 35-хан оноо авч 180 орноос 111 дүгээр байрт өнгөрсөн 2020 онд бичигдсэн байдаг.Энэ бүхнийг шийдэх арга зам нь иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх. Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, албан тушаалтны хүнд суртлыг бууруулах гол арга зам нь нээлттэй, ил тод байдал. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, авлигыг бууруулахын тулд цахим технологи, орчин үеийн дэвшилтэт арга хэрэгсүүдийг ашиглан төрийн албыг ил тод нээлттэй болгох нь чухал” гэлээ.