Улаанбаатарт явган аяллын зам нэгээр нэмэгдлээ
Сүүлийн жилүүдэд нийслэлд ууланд алхах, явганаар аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иргэд голчлон Богдхан, Чингэлтэй ууланд алхдаг. Тэгвэл явган аяллын чиглэл нэгээр нэмэгдэж, Сонгинохайрхан ууланд аяллын замтай болжээ.
Явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын талаарх тайлбарыг байршуулсан бөгөөд олон улсын стандартын дагуу явган аяллын замыг тохижуулж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ. Тус дүүрэг явган аяллын замын ашиглалт, хамгаалалтыг цаашид хариуцан ажиллах юм байна.
Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалах, зөв зохистой аялах, явган аялал, уулын спортыг нийтэд сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах зорилготой аж.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Сонгинохайрхан уулын явган аяллын /3 км/ чиглэлийг тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг байгуулжээ.