Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг шүүхээс гэм буруутай гэж үзжээ
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хурал 7 хоног үргэлжилж, өчигдөр шүүх шийдвэрээ гаргалаа. Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг гэм буруутайд тооцсон бол 3 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Гэм буруутай шүүгдэгч нарт ял оноох хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ.
Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр билээ.