“Омикрон” хувилбар тархаж эхэлснээр Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 78 мянга давав
Их Британид сүүлийн байдлаар нэг өдөрт 78 мянга гаруй хүнээс “коронавирус”-ийн халдвар илэрсэн нь цар тахал эхэлснээс хойших дээд үзүүлэлт боллоо. Үүнийг COVID-19-ийн “Омикрон” хувилбарын хурдан халдварлах чадвартай холбон тайлбарлаж байна.
COVID-19-ийн “Омикрон” хувилбар анх батлагдсан Өмнөд Африкт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 26 мянга давж, дээд цэгтээ хүрлээ. Хэдий тийм боловч хүндээр өвчлөх, нас барах тохиолдол халдварын өмнөх давлагаануудтай харьцуулбал гурав дахин цөөн байгаа аж.
Үүнээс гадна хөгжиж буй орнуудад өргөнөөр ашиглаж буй БНХАУ-ын “Sinovac Biotech” компанийн вакцины бүрэн тун COVID-19-ийн “Omicron” хувилбарын эсрэг хангалттай хамгаалалт үүсгэхгүй байгааг Хонгконгийн судалгаа харууллаа. Ингэснээр вакцины хамгаалалтыг сэргээхийн тулд нэмэлт тун шаардлагатай болж магадгүй байна.
“Moderna”, “Pfizer” зэрэг вакцин хөгжүүлэгч компаниуд COVID-19-ийн “Omicron” хувилбарын эсрэг тусгай нэмэлт тун гаргахаар зорьж байгаа аж.
Харин АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн Энтони Фаучи “Одоо ашиглаж буй вакцины нэмэлт тунгууд COVID-19-ийн “Омикрон” хувилбарын эсрэг үр дүнтэй, тусгай вакцин хөгжүүлэх шаардлагагүй” гэж мэдэгдлээ.