“Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөн амжилттай оролцсон он оны үзэсгэлэнт бүсгүйчүүд
Дэлхийн өнцөг булан бүрээс эх орноо төлөөлөн үзэсгэлэнт бүсгүйчүүд авьяас чадвар, гоо үзэсгэлэн, арга ухаанаараа өрсөлддөг “Дэлхийн мисс” тэмцээн тэртээ 1951 оноос хойш 70 жилийг өртөөлөн ирсэн түүхтэй билээ.
Манай улсын хувьд тус тэмцээнд 2005 оноос эхлэн оролцож байгаа аж. Өнөөдрийг хүртэл Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон үзэсгэлэнтэй мисс бүсгүйчүүдийг онцолж байна.
2012 он : Х.Баярмаа
Өвөрмонголын Ордос хотноо зохион байгуулсан “Дэлхийн мисс-2012” 61 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Х.Баярмаа оролцож байжээ. Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн охин гэдгээр нь сайн таних биз. Тэрбээр авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтаж байжээ.
2013 он : С.Пагмадулам
Гоо сайхны олимп гэгддэг 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013″ тэмцээн Индонези улсын Бали арал дээр болсон. Энэ тэмцээнд манай улсаас 22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэр 2011 онд болсон “Miss tourism international”-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтснаас гадна “Авьяаслаг мисс” болж байсан бүсгүй аж.
2014 он : Т.Батцэцэг
Дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон 64 дэх удаагийн “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд манай улс 10 дахь гоо бүсгүйгээр Т.Батцэцэг оролцож байжээ. Английн нийслэл Лондон хотноо арваннэгдүгээр сард зохион байгуулсан гоо сайхны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг хүлээсэн байдаг.
2015 он : Н.Ану
“Miss Mongolia 2015” тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч, БНХАУ-д зохион байгуулсан 65 дахь удаагийн “Дэлхийн мисс-2015″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байжээ.
Мөн тэрбээр тухайн ондоо Японы Окинаво хотноо болох “Miss International-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж, дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс 13 дугаар байрт шалгарсан юм. Мисс Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж, дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаж байжээ.
2016 он : А.Баярцэцэг
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 65 дахь удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн мисс”-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртсэн байдаг.
Мөн тэрбээр үндэснийхээ бүжгийг бүжиглэн сонирхуулснаар авьяасын үзүүлбэрээрээ шилдэг аравт шалгарч чадсан билээ.
2017 он : Ц.Энхжин
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээн БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо болж өндөрлөсөн. Дэлхийн 118 орны гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарч чадсан билээ. Монголын гоо бүсгүй “Мультимедиа” миссээр тодрон, “Head to head challenge” шалгаруулалтад багаасаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
Үүнээс гадна Ц.Энхжин “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад шилдэг 20-д шалгарч, Монголын гоо бүсгүйчүүд тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйг батлан харуулсан юм.
2018 он : Э.Энхриймаа
Мисс Э.Энхриймаагийн бэлэг дэлхийн 120 гаруй гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч, дуудлага худалдаанд орж байжээ. Энэ нь манай улсын мисс Энхриймаагийн оноонд нэмэр үзүүлсэн бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин хүүхэд, ядуус, өвчин зовлонтой хүмүүст туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна.
2019 он : М.Цэвэлмаа
Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн “Авьяас” номинацид топ зургаа, “Head to head challenge Group” дөрвөн ялагчийн нэг, “Multimedia” төрлийн топ гуравт, “Зорилго бүхий гоо сайхан” топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоожээ.
2021 он : А.Бөртэ-Үжин
70 дахь удаагийн “Miss World 2021” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин маань тус тэмцээний “Мисс авьяас” номинацид дэлхийн 130 гаруй орны оролцогчидтой өрсөлдөн ялалт байгуулж нэгдүгээр байр эзэлж “ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” болон, хагас шигшээд шалгараад байгаа билээ.
Тэрбээр Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Мөн олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон, гадаадад уран нугаралтаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчлан дэлхийн тавцанд гарсан туршлагатай аж.
Ташрамд, Финалын шатны шалгаруулалт өнөөдөр 8 цагт эхлэх бөгөөд MNC телевиз албан ёсны эрхтэй шууд дамжуулах юм байна.