Мөсний сур харвааны нээлтийн тэмцээн маргааш болно
Мөсний сур харвааны нээлтийн тэмцээн энэ сарын 18-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн хуучин гүүрнээс дээш 500 метр зайд Туул голын мөсөн дээр болно.
Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн төрөл мөсний сурын харвааг нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг сайжруулах, иргэдийг спортоор хичээллүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Монголд төдийгүй дэлхийд ганц өв, соёлд тооцогддог урианхайн мөсний сурын харвааг Баян-Өлгий аймгийн Булган суманд өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Энэхүү өв соёлоо цаашид хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоог 2008 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм байна.
Мөсний сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс улбаалан, уламжлан өвлөгдсөн төдийгүй эдүгээ орчин үед ч хөгжсөөр байна.
Мөсний сурын харваанд зөвхөн үндэсний спортын төрөлд багтахаас гадна монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг. Тиймээс ч өнөө цагт улам боловсронгуй болон монгол туургатны хүрээнд хөгжиж байгаа юм.