Э.Бат-Үүл, А.Гантулга нарт оногдуулсан ялын талаар шүүхээс мэдээлэл хийнэ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн энэ сарын 16-ны өдөр шийдвэрээ гаргасан юм. Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгад шахалт үзүүлж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр буруутгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ.
Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, зохиомол хэрэг тохсон гэх зэрэг эсэргүүцэл өрнөж байгаа юм. Тэгвэл Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2021.12.20/ 12:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.