Сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоог “мерит” зарчмаар явуулах саналыг хэлэлцлээ
Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны үе үеийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр “Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхнаар хуулийн төслийг хэлэлцүүлж байхад хамгийн ихээр гарч байсан саналуудаас хэлье. Тухайлбал, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, орон нутагт ажилласны нэмэгдлийг гурван жил болгох, тэтгэврийн насыг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах, сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгох зэрэг саналыг хэлж байсан” гэв.
Харин Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “бүх нийтийн боловсролыг 1-9 жил, 1-12 жил болгох эсэх, цэцэрлэгийн насыг 3 болгох, англи хэл хоёрдогч хэл байх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоо зэрэг асуудлыг хэлэлцэж, хуулийн төсөлд саналаа тусгах шаардлагатай байгааг онцолсон. Өнгөрсөн хугацаанд Боловсролын хуулийн төслийг шинэчлэхдээ томилгоотой холбоотой өөрчлөлтүүд их хийсэн. Харин энэ удаа бодлогын томоохон шинэчлэл хийх чухал цаг үед ирээд буй” гэв.
Хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн сайд, дэд сайд нар багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, боловсролын ирээдүйн чиг хандлага, насан туршийн боловсролын агуулгыг тодорхой тусгах, удирдлагын томилгоог мерит (Иргэдийг төрийн албанд авахдаа тусгай шалгалт авдаг байх) зарчмаар явуулах гэхчлэн олон асуудлаар өөрсдийн саналаа илэрхийллээ.