Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радевт 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Радев Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын дараа Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Р.Радевт уламжилж, Монгол, Болгарын уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Р.Радев хоёр орны олон жилийн түүхэн уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Р.Радев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *