“Гадаадын тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хахууль авдагийг таслан зогсооно гэв
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Оюутны тэтгэлгийн санг нээлттэй, шударга болгох зарчмыг баримтална гэдгээ илэрхийллээ. Ингэхдээ гадаад төдийгүй дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгодог зээлийн мэдээллийг ил тод болгохоо мэдэгдсэн юм.
Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “10.000 доллар өгвөл гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.
Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол явуулна. Авилгатай тэмцэх газраар шалгуулна. Боловсролын салбарт байгаа авилгыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой” гэсэн байна.
Монгол Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт 3 төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420.000 оюутанд зээл олгосон бөгөөд нийт 880 тэрбум төгрөгийг төрөөс зарцуулжээ.