Ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломжтой боллоо
Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдүүллээ.
Даатгуулагч гэрээсээ гарахгүйгээр ndaatgal.mn цахим хуудсаар орон, ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ цахимаар бүртгүүлэн авах боломжтойг ХНХ-ын сайд А.Ариунзаяа салбарынхаа цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэлийн талаар мэдээлэхдээ онцолсон юм.
Тэрбээр, цаашид “e-Mongolia” платформд бүхий л үйлчилгээгээ нэгтгэнэ. ЭМЯ-тай хамтран эрүүл мэндийн листийг 2022 оны 1-р сард багтаан цахимаар авах боломж бүрдүүлнэ. Цар тахалтай холбоотойгоор листээрээ дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгодог. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 56 000 иргэнд олгосон. Энэ үйлчилгээ мөн цахимжина. Ингэснээр илүү олон хүн тус тэтгэмж авах боломж нь нээгдэнэ” хэмээв.
Нийгмийн даатгалын газраас 5 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлээд байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг “e-Mongolia” аппликейшээс одоогоор 1.4 сая иргэн авчээ. Түүнчлэн, хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ “e-Mongolia” платформд нэгтгэжээ. Энэ нь Нийслэлийн ЗДТГ-аас олгогддог үнэмлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэмлэх, тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол “e-Mongolia”-д хандаж, үнэмлэхээ шуудангаар эсвэл өөрийн төлөөллийн хүнээрээ дамжуулан авах боломжтой.
“Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг хэлтэс дээр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр тамга дарж, баталгаажуулдаг байсныг халж, цахимжуулсан. Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулж, тухайн байгууллагын нягтлан тайлангаа цахимаар явуулахдаа байгууллагын цахим гарын үсгээр баталгаажуулдаг тул заавал нийгмийн даатгалын хэлтэст ирж, баталгаажуулах шаардлагагүй.
Хэрвээ цахим гарын үсэг байхгүй бол жилд 2 удаа ирж, цаасаар нь баталгаажуулах шаардлага бий. Гэхдээ ирэх онд иргэн бүрт цахим гарын үсэг олгож, хэрэглээг нэвтрүүлж байгаа тул тайлангаа цаашид цахим гарын үсгээр баталгаажуулж, биеэр хэлтэс дээр ирэх шаардлагагүй болно” гэдгийг салбарын сайд дурдсан юм.