Хууль бусаар агнасан 39 ширхэг тарвага тээвэрлэн явсныг илрүүлжээ
Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид олон тооны тарвага тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, цагдаагийн алба хаагчид энэ сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун түрүүн” дахь байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэх хугацаанд иргэн Г нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан. Хэргийг материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.
Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.
Иймд иргэн та бүхэн ховордсон ан амьтныг агнахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба