“Оюу толгой”-н 34 хувьд ноогдох $2.3 тэрбумын өрийг тэглэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Өргөн баригдсан УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

  • Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
  • 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;
  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
  • Оюу толгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  • Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Энэхүү тогтоолын төсөл УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар УИХ-ын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *