Ц.Мөнхцэцэг: Хяналт, шалгалтын тухай хууль батлагдсанаар хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоог сайжруулах нөхцөл бүрдлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Н.Наранбаатар, С.Одонтуяа тэргүүтэй 19 гишүүний хамтран санаачилсан УИХ-ын Хяналт, шалгалтын тухай анхдагч хууль батлагдлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онцлохдоо “Ардчилсан засаглал эрх мэдлийн харилцан тэнцвэртэй, хяналттай байх зарчимд үндэслэдэг.  Парламент нь засгийн газартаа хяналт тавьж байх ёстой. Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч тал дангаараа, хяналтгүйгээр эрх мэдлийг хэрэгжүүлж болохгүй.

Гэтэл УИХ өөрийн хянан шалгах чиг үүргийг хангалттай сайн биелүүлж чадахгүй явсаар олон жил боллоо гэсэн шүүмжлэл олон түмний зүгээс байнга гарсаар ирсэн.

Тийм учраас ҮХНӨ-ийн дагуу УИХ-ын хяналт шалгалтын хуулийг батлан гаргалаа. Энэ хуулийг санаачлагч  гишүүд бид хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын харилцан тэнцвэртэй байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, эрх мэдлийг хяналтгүй хэрэгжүүлэх явдал гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар бий болгохыг зорьсон билээ.

Хуулийн төсөлд УИХ-ын Хяналтын сонсголыг хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой, төсвийн хяналтын, ерөнхий хяналтын, нэр дэвшигчийн гэж төрлийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ иргэдийн саналаар Хяналтын сонсгол явуулж болохоор тусгасан нь хүний эрхийг хангах тухайд том дэвшил юм.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах,  төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангаж, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо, механизмыг уялдуулан системчлэх, сайжруулах нөхцөл бүрдэх юм” гэлээ.

Эх сурвалж: Check.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *