Эрүүгийн хэрэг нь хаагдсан Б.Гарамгайбаатарын улстөрийн идэвхи сэргэжээ
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөн өнгөрөгч баасан гарагт /2021.02.25/ цахим хэлбэрээр болсон. Уг зөвлөгөөнд оролцогчид дундаас Эрүүгийн хэргээр багагүй хугацаанд шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар байсан нь анхаарал татаж байлаа.
Тэрээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан өөрийн “Монроуд” компанидаа замын тендер авч өгсөн, төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн хэрэгт холбогдсон.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон түүний хүү Г.Тэнгис нарыг Халзанбүргэдэй-Солонготын давааны чиглэлийн 100 км автозамын төсөвт өртгийг нэмэгдүүлж 46.3 тэрбум төгрөг болгон улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгасан. Гэхдээ эцэст нь нийслэлийн Прокурорын газраас Б.Гарамгайбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Эрүүгийн хэрэгт холбогдож, багагүй хугацаанд чимээгүй байсан ч Б.Гарамгайбаатарын улстөрийн идэвхи илтэд сэргэжээ. Тэрээр өнгөрөгч баасан гарагт болсон ҮБХ-ны гишүүдийн зөвлөгөөнөөр Ардчилсан намын Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон байна. АН дотроо хагаралтай байгаа энэ үед тэрээр намын дарга С.Эрдэнийг түшиж, ийнхүү эргэн ирэлт хийж буй бололтой.
Уг зөвлөгөөнөөр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар О.Баасанхүү, Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэсувд, Санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Ч.Цасчихэр нарыг тус тус томилжээ.
ivoice.mn