“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.
Дэлхий нийтийг хамарсан (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусын шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна.
Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна.
Иймд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Шинэ сэргэлтийн бодлого нь хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд оршино.
Тогтоолын төсөл нь (КОВИД-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах замаар эдийн засгийн суурийг тэлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэсэн нийт таван хавсралттай байна.
Баримт бичгийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээг тодорхойлохдоо хэрэгжихүйц бөгөөдхэмжигдэхүйц, бодитой, хэрэгжилтийн цаглабарыг оновчтой тооцсон байх зэрэг төлөвлөлтийн үндсэншалгуурыг баримталснаас гадна зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад ньтооцсон. Экспортыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн суурийг тэлэх, түүнд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг тус тус харгалзан үзэж тусгажээ. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаад буй голлох саад бэрхшээлүүд болох санхүүжилт, тендер сонгон шалгаруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, татвар, газар, зөвшөөрөл олгох үйл явц зэргийг оновчтой, шуурхай болгох зорилт, арга хэмжээ туссан.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цар тахлын сөрөг нөлөөг бууруулснаар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын зорилтот үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа 2050”-ын эхний үе шатад эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.