“Онцгой үйлстэн” медаль нэхэн олгож, эгчийнхээ ачаар амьд үлдсэн С.Хонгорзул охинд гардууллаа

Өдийгөөс долоон жилийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр охин цасан шуурганд төөрч, нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Харин бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм.

Тодруулбал, долоохон настай охин таван настай дүүгээ аврахын тулд байж болох бүхий л арга хэмжээг авч өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн салхины нөмрөөс дүүгээ хамгаалж, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд өөрөө амиа алдсан аж. Ар гэрийнхэн нь охидыг олох үед өр эмтрэм дүр зурагтай байсан гэдэг.

Амиараа хамгаалж, хайрлаж үлдээсэн охин дүү С.Хонгорзул охин одоо 13 настай болжээ. Хонгороо охин долоон жилийн өмнө цасан шуурганд гарын хуруугаа хөлдөөж тайруулсан учир хөгжлийн бэрхшээлтэй гээд энгийн сургуульд сурч чадаагүй гэнэ. Харин тусгай дунд сургуульд дүнгэн данган сурч, бага дунд боловсрол эзэмшжээ.

Бичиг үсэг тайлагдсан охин талийгаач эгчдээ зориулан шүлэг тэрлэдэг ч насандаа баймгүй харуусал зовлон үзсэн болохоор үг дуу цөөнтэй, хүнд өөрийгөө илэрхийлэхдээ тааруу аж. Тиймдээ ч бичсэн шүлгээ тэр болгон уншиж сэтгэлээ нээдэггүй ч баатарлаг үйлстэн эгчийгээ хэчнээн санан, өгүүлж буй нь лавтай үнэн биз ээ….

С.Хонгорзул охины эгчдээ бисэн шүлгээс….

Бяцхан бор зүрхэндээ дэндүү их хайрласныг нь

Булбарай бага насандаа даанч ойлгоогүй явжээ

Өнгө алаг энэ орчлонд амь бэлэглэсэн таныгаа

Өсөж торнихын хэрээр айдаа мөн ч санах юм даа

Гэгээн хайр тань элчээр

Гэрэлтэж амьдарна….

Цасан шуурганаар дүүгийнхээ амийг хамгаалан өөд болсон охиныг нэхэн шагнав

 

2014 онд болсон эгч дүүсийн энэхүү түүхийг эргэн сануулан төрийн түшээд болон эгэл ардад хүргэсэн сэтгүүлч нарын дуу хоолойгоор амиа алдсан охинд нэхэн медаль гардуулах болсон билээ.

Өнөөдөр зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлын онцлох үйл явдал нь долоон настай охины дүүгээ аварсан үйлийг үнэлэн “Онцгой үйлстэн” медаль нэхэн олгож, эгчийнхээ ачаар амьд үлдсэн С.Хонгорзул охинд иж бүрэн тавилгатай, өргөө цагаан гэр бэлэглэжээ.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *