Өнөөдрийн байдлаар нийт 8000 гаруй хүнд вакцин хийжээ
Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,952 боллоо.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
Д.Нарангэрэл: Дархлаажуулалтын ажил өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаргагаас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 8,000 гаруй хүн вакцин хийлгэсэн. Эхний ээлжинд 16 байгууллагын ажилчдыг дархлаажуулалтад хамруулах ажил 12 хувьтай зохион байгуулагдаж байна.
– Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилчид болох харилцагчдаа дархлаажуулах талаар мэдээлэл гараад буй. ЭМЯ тэдэнтэй хамтарч ажиллах уу?
Д.Нарангэрэл: ЭМЯ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Дархлаажуулалтын хуульд заасны дагуу хувийн байгууллагууд вакцин оруулж ирж болно. Хуульд зааснаар сайн дурын дархлаажуулалт төлбөртэй байж болдог.
– Эх үүсвэр нь тогтоогдоогүй халдваруудын эх үүсвэрийг тогтоох ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
Ж.Байгалмаа: Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрийг олж тогтоосон.
Д.Нарангэрэл: Тандалт судалгаа нэлээн өргөн хүрээнд явагддаг. Богино хугацаанд буюу 24 цагийн дотор эх уурхайг нь олж тогтоогоод явдаг.
– Караокены газартай холбоотой халдвар гарсан гэх мэдээлэл байна. Хаана ямар караокед халдвар гарсан талаар мэдээлэл өгөөч?
Ж.Байгалмаа: Сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд дотор караокетэй холбоотой тохиолдол байхгүй. Өчигдөр батлагдаж, тандалт судалгаа хийгдэж байгаа тохиолдлууд дунд мөн караокетэй холбоотой халдвар алга.