“Зорилтод бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгохоор зорьж байна”
Нийслэлийн Засаг даргын 15 дугаар тушаалаар сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлийн дагуу Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 607 цэг ажиллаж байна.
Иргэдийн зүгээс ажлаа тараад гэртээ харих үед сайжруулсан түлшний цэгүүд хаалттай байна гэх гомдол ирдэг байна. Тиймээс Тавантолгой түлш компанитай хамтран түлш борлуулах цэгүүдийг өглөө, оройн ээлжинд шилжүүлж, цагийн зохицуулалт хийжээ. Ингэснээр орой ажлаа тарсан иргэд түлш авах боломж бүрдэж байгаа юм.
“Сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгосон. Иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх гомдол, мэдээлэл хэлдэг.
Гэвч шалгалтаар тогтоогддоггүй аж. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон” гэдгийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөн 2022 оны нэгдүгээр сарын 02-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгохоор бэлтгэл ажлыг хийж байгаа юм.
Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэллээ.