Парламентийн сэтгүүлч Ж.Алтангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхмүүдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд, одон медалиар шагнаж байна.
Төрийн тэргүүн өчигдөр 110 жилийн ой нь тохиож буй яамдад үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнасан юм. Шагналын хур өнөөдөр ч үргэлжилж байна.
Төр засгийн шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай хүргэхийн төлөө олон жил ажиллаж, хийж бүтээснээрээ түмэн олондоо үнэлэгдсэн өөрийн гэсэн үнэнч үзэгчтэй болсон сэтгүүлч бол МҮОНТВ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэл юм. Парламентын сэтгүүлч Ж.Алтангэрэлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Тэрбээр,”Миний хүй цөглөж, өсөж өндийсөн төрөлх нутаг, арын сайхан хангай, нутаг ус, зон олон маань намайг үргэлж түшиж явдаг гэж би бодож, залбирдаг. Энэ бол миний амьдралын эхлэл юм.
МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн халуун сэтгэл, ханийн минь түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг жирийн үзэгчийн хандлага надад сэтгүүлзүйн салбарт хөлөө, чигээ олох зам мөрийг минь үргэлж зааж өгдөг.
МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Ардчилсан он жилүүдэд байгуулагдсан Монгол Улсын найман удаагийн парламентын Их хурлын долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрийд Монгол төрийн түүх тасрахгүй. Сэтгүүлзүй зөв оршихуйд эрүүл төр, нийгэм оршдог гэж би боддог. Монголын сэтгүүлзүйн өмнө мэхийе. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлүүлж, өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн мөргөе” гэв.