УИХ-ын хүндэтгэлийн чуулган 12.00 цагт эхэлнэ
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны Их хуралдай танхимд болно.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан юм.
Сэргэн мандлын эхийг тавьсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилсан бөгөөд бүх нийтээр амардаг болсон юм.