Оюутолгойн хэлэлцээрийн төслийг Түр хороо эцэслэн хэлэлцэв
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийв.
Тус төслийн анхын хэлэлцүүлгийг чуулганы хуралдааны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Чуулганы хуралдааны дараа үргэлжилсэн уг Түр хорооны хуралдаанд, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар тус Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг төслийн холбогдох заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын шинжтэй завсарыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 2 дугаар санал буюу тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дүгээр заалтын “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх саналыг нэгдсэн хуралдааны даргалагч нээлттэй үлдээж, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн болохыг танилцуулсан.
Танилцуулга болон УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрд нь санал хураан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.