Хью Жекман коронавирусийн халдвар авчээ
Холливудын жүжигчин Хью Жекман коронавирусийн халдвар авсан болохоо өнөөдөр мэдэгджээ.
Өөрийн “Твиттер” хуудаснаа байршуулсан бичлэгтээ тэрээр “Би та бүхэнд өөрөө эхлээд хэлэхийг хүссэн юм. Миний коронавирусийн шинжилгээний хариу “Эерэг” гарсан. Надад хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд эргээд тайзан дээр гарах мөчөө тэсэн ядан хүлээж байна!” хэмээсэн юм.
Жекман Бродвейн тайзнаа “The Music Man” мюзиклийн гол дүрд тоглож эхлээд байсан хэдий ч ирэх амралтын өдрүүдийн бүх үзүүлбэр нь цуцлагдсан байна. Үүнээс өмнө, тус мюзиклийн эмэгтэй гол дүрийн жүжигчин Саттон Фостер мөн цар тахлаар өвчилсөн бөгөөд түүний оронд орлон тоглогч үзүүлбэр үзүүлж байсан аж.
Нью-Йорк хотод халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Зул сарын баярын амралтын өдрүүдийн Бродвейн тоглолтууд цуцлагдсан билээ. Түүнчлэн “Араатны хаан арслан”, “Аладдин”, “Хэмилтон”, “Харри Поттер” зэрэг томоохон мюзикл үзүүлбэрүүдийн уран бүтээлчдийн дунд халдвар өргөн тархсаны улмаас эдгээр тоглолтууд ч үргэлжлэх боломжгүй болоод байгаа юм.
Эх сурвалж: CNN, UPI