|

БНСУ-ын Ерөнхийлөгч монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ

Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 232 мянга 868 хүн санал өгчээ. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдээд буй.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлжээ.

Өргөдлийг албан ёсоор хүлээж авсан ба одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Тус өргөдлийг одоогоос нэг сарын өмнө гаргасан бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг яаравчлах боломжтойг Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага мэдээлсэн.

БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажиллаж буй. Түүнчлэн хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хохирогч юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг ХЭҮК шалгасан.

Анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлыг хянаж, шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан юм. БНСУ-ын ХЭҮК нь гомдлыг хянаж дуусмагц, гарсан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлэх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *