АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12-15 насныхныг нэмэлт тунд хамруулахыг зөвшөөрчээ
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах насыг өргөтгөх зөвлөмжийг даваа гарагт гаргажээ.
Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ мэдээлснээр, коронавирусний “омикрон” хувилбарын учруулах аюул нэмэгдэж байгаа энэ үед сургуулиуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг эрмэлзэж байгааг харгалзан 12-15 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулахыг зөвшөөрсөн байна.
Мөн тус байгууллага “Pfizer-BioNTech”-ийн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд таван сарын хугацаа өнгөрч буй 12-оос дээш насны иргэн бүр нэмэлт тунд хамрагдах боломжтой гэж мэдэгджээ. Өдийг хүртэл хоёр болон гурав дахь тун хоорондын хугацааг зургаан сараар тогтоогоод байсан юм. Үүний зэрэгцээ 5-11 насны сул дархлаатай хүүхдүүдэд нэмэлт тунг тарихыг зөвлөсөн байна.
Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвшөөрлийг лхагва гарагт Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ болон тус байгууллагын вакцины зөвлөхүүдийн хөндлөнгийн зөвлөлөөс хянан үзэхээр төлөвлөж байна. Тийнхүү ажлын хэсэг “FDA”-гийн үнэлгээтэй санал нэгдвэл ”CDC”-ийн дарга Рошель Валенски тухайн өдрийн орой албан ёсоор мэдэгдэл гаргах төлөвтэй байна.