“Монгол наадам” хөтөлбөрт 980 сая төгрөгийн төсөв зарцуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хурлаар Эдийн засгаа аварч, эрүүл мэндээ хамгаалах, арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж хуралд оролцогчид саналаа хуваалцав.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг : “Хөтөлбөрийн хэрэгжилтийг байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд 200 өдөр өнгөрсөн. Нийт 56 арга хэмжээг тусгажээ. Хөтөлбөрийн санхүүжилтийг өөр өөр эх үүсвэрээс шийдсэн байна.

Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 120 мянган ажлын байр хадгалсан. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд нийт 2.1 сая иргэнийг вакцинд хамруулсан.

Ипотекийн зээлийн дам нөлөөгөөр барилгын салбарт 171 мянган ажлын байр хадгалсан. Энэ тоог аж ахуйн нэгжийн НӨАТ төлөлт, и-баримтын мэдээллийн системд суурилан гаргав. Хөтөлбөрийн зорилго нь ажлын байр шинээр бий болгох биш харин ажлын байрыг хадгалахад чиглэсэн. НӨАТ-ын татварын орлого 1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос өслөө. Зээл олголт цар тахлын өмнөхөөс 10 хувиар өсөж, 2020 оны эдийн засгийн бодит өсөлт 1 хувьд хүрч агших эрсдэл байв. Хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ эрсдэлээс сэргийлсэн. Энэ онд эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байна. Үүнд энэ хөтөлбөр нөлөөлсөн. 2021 оны төлөвлөгөөний биелэлт 81 хувьтай байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн эх үүсвэрийг дахин 1 их наяд төгрөгөөр нэмсэн. Залуусыг ажлын байранд бэлдэхэд нийт 500 тэрбум төрөг төсөвлөсөн боловч 5.2 тэрбум төгрөгийг ХНХЯ-ны зохион байгуулсан сургалтад зарцуулсан” гэв.

Соёлын дэд сайд М.Батбаяр: “Манай яам энэ хөтөлбөрийн дагуу олон нийтийг соён гэгээрүүлэх ажлууд хийсэн. Телевизүүдээр гаргасан контентийг олон мянган хүн үзсэн. Үүнд мөнгө зарцуулаагүй.  Харин өнгөрсөн наадмаар “Монгол наадам” видео контент бүтээхэд 980 сая төгрөг зарцуулсан. Эх үүсвэр нь наадмын төсвөөс гаргасан”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *