Ж.Одгэрэл : Би өнөөдрийг хүртэл дарамтан дунд амьдарч байна
Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан албан хаагчийн эхнэр Ж.Одгэрэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр хэвлэлд мэдээлэлд НОТЛОХ БАРИМТ дэлгэж мэдээлэл хийж байна.
Эргэн сануулахад, Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 3-ны өдөр албан бус ажил үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан ОБЕГ-ын алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл өлсгөлөн зарлаж суулт хийн, ОБЕГ-ын удирдлагууд өөрсдийн нэр хүндээ бодож, хэргийг нуун дарагдуулж буй талаар мэдээлж байсан.
Мөн тэрбээр хэрэг болох үеийн бичлэгүүдийг цагдаагийн дарга нар авсан. “Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга нар нь шуурхай хуралдаад, төрийн нууц, онцгой байдлын албаны нэр хүндийг хамгаална” гэсэн түүгээр ч зогсохгүй “талийгаачийн гэр бүлд ОБЕГ-аас мөнгө өгч хэргийг нуун дарагдуулах болсон” гэж олон нийтийн сүлжээнд хэргийн талаарх үйл үйл явцыг мэдээлэлж байсан.
Харин талийгаачийн гэр бүлийн зүгээс “Ж.Одгэрэл гэх бүсгүйг танихгүй. Өмнө нь огт уулзаж байгаагүй. Талийгаачийг найз бүсгүйтэй гэж сүүлд сонсож байснаас эхнэртэй болсон, эхнэр нь жирэмсэн гэж мэдээгүй. Ж.Одгэрэл жирэмсэн эсэхэд эргэлзэж байна.” гэх мэдээлэл хийж байв.
Ж.Одгэрэл хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ : “Өнөөдрийг хүртэл над руу их олон дайралт ирлээ. Энэ бүхэнд би өнөөдөр нотлох баримттайгаар тайлбар өгнө. Би тухайн өдрийн бүх процессийн зургийг баримттай ярьж чадна. Түүнийг задалбал намайг шоронд хийнэ гэж дарамталсан. Мөн намайг талийгаачийн эхнэр биш, хамт амьдардаггүй, жирэмсэн биш, хадмууд нь танихгүй гэх гүтгэлэг явсан. Талийгаач нөхөртэйгөө хамт амьдарч байсныг, хадмууд гэрээр минь орж гарч байсныг нотлох бичлэгүүд надад бий. Эдгээрийг энд үзүүлэхээр авч ирсэн. Бидний хамтдаа амьдарч байсан орон сууцны ойролцоох хүнсний дэлгүүрүүдэд хамтдаа орж байх үеийн бичлэгүүдийг үзүүлэхээр бас авчирсан” гэв.