Жорж Флойдын 4 настай зээ дүү буудуулжээ
Өнгөрөгч оны 5-р сард Жорж Флойд АНУ-ын Миннесота мужид арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын улмаас 4 цагдаагийн гарт амь насаа алдсан. Түүний үхэлтэй холбогдуулан АНУ төдийгүй дэлхий нийтээрээ “Black Lives Matter” хэмээн тэмцлийг зохион байгуулж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэж байв.
Өнгөрөгч Бямба гарагийн шөнө Жорж Флойдын дөрвөн настай зээ дүү болох Арианна Делэйн Техас дахь гэртээ буудуулан, шархаджээ. Тэрбээр одоогийн байдлаар Хьюстон хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба уушиг, элэг нь суманд өртөж, улмаар гурван хавирга хугарч, хагалгаанд орох шаардлагатай болжээ.
Бямба гарагийн шөнийн 03.00 цагийн орчимд хохирогчдын байшингийн 2 давхар луу буу буудаж эхлэжээ. Халдлагын үеэр өмнөд Хьюстон дахь эдлэнд зургаан хүн байсан ба дөрвөн том хүн, хоёр хүүхэд байсан гэв.
Хохирогчийн гэр бүлийнхний зүгээс тэдэн рүү хэн гал нээн халдлага үйлдснийг мэдэж байгаа хэмээсэн бол, цагдаагийн газраас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй, хэрэг мөрдлөгийн шатандаа явагдаж байна гэж мэдээллээ.