Францын хамгийн алдартай ихэр коронавирусийн улмаас нас баржээ
Францын хамгийн алдартай ихэр болох Игорь ба Гришка Богданов нар коронавирусээр өвчлөн, эмнэлэгт хэвтэж байгаад хоорондоо зургаан хоногийн зайтай нас баржээ. 72 настай ихэр ах дүү цар тахлын эсрэг вакцин тариулаагүй байсан аж.
Тэд 1980-аад онд шинжлэх ухааны сэдэвт “Temps X” гэх телевизийн шоу нэвтрүүлгээрээ алдарт хүрсэн бөгөөд түүнээс хойш байнга олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн юм.
Богданов ихрийн дотны найз Пьер-Жан Чаленсоны хэлснээр, тэд эхлээд өөрсдийгөө энгийн ханиад хүрсэн гэж бодож байсан бөгөөд цар тахлын халдвар авснаа мэдээд, эмнэлэгт хэвтэх үед хэтэрхий оройтсон байсан аж.
Түүнчлэн тэрээр “Хүмүүс тэднийг вакцины эсрэг байсан гэж ярьж байна. Гэхдээ энэ огтхон ч үнэн биш. Тэд хууч өвчингүй бөгөөд амьдралын эрүүл хэв маягтай байсан тул коронавирусийн эрсдэлд ороогүй гэж үзэж байсан” хэмээн нэмж хэлжээ.
Игорь, Гришка хоёр нь Австрийн язгууртан гэр бүлээс гаралтай бөгөөд сонин содон байдлаараа нэрд гарсан билээ. 1990-ээд оны үед тэдний нүүрний хэлбэр эрс өөрчлөгдөж, уруул, эрүү, хацрын яс нь хачин жигтэй болсон юм.
Гэвч Богданов ах дүүс өөрсдийгөө гоо сайхны мэс засал огт хийлгээгүй гэж мэдэгдсээр ирсэн бөгөөд “Бид харь гаригийнхан шиг царайтай гэдгээрээ бахархдаг” хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: BBC