ШИНЭ ХУУЛЬ : Улс төрчид урлаг, спортын холбоодын даргаар ажиллахгүй
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Холбоодыг улс төрчид төрийн захиргааны алба хаагчид даргалдаг асуудлыг цэгцэлсэн үү. Мэргэжлийн холбоодыг улс төрчид даргалж улс төржүүлдэг асуудал байна. Ялангуяа спортын болон урлагийн холбоодыг улс төрчид даргалдаг нь буруу. Улс төрчид нь улс төрөө хийгээд явах хэрэгтэй. Төрийн бус байгууллагууд, холбоодууд замаа алдсан байна. 143 хууль дагаж өөрчлөгдөж байгаагаас үүнийг харж болно. Энэ хуульд хэрхэн тусгагдаж байгаа вэ.” гэж асуулаа.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Хууль хэрэгжиж эхэлснээр улс төрийн нам болон улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах холбоод үүснэ гэж харж байгаа. Холбооны удирдлах болон гүйцэтгэх албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалтнаас бусад төрийн алба хаагч ажиллахыг хориглоно гэж хуульд тодорхой заасан. Энэ нь холбооны үйл ажиллагаа улс төрөөс хараат бус байхад нөлөөтэй” гэв.