Казахстаны цагдаагийн байгууллага хэт даврагчдыг устгасан гэж мэдээллээ
Казахстаны Алматы хотын Цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч Салтанат Азирбек тус улсад болж буй үймээн самууны үеэр халдлага үйлдсэн олон арван хэт даврагчийг устгасан гэж мэдэгдлээ.
Тэрээр төрийн мэдлийн “Khabar 24” телевизэд мэдээлэл өгөх үеэрээ “Өнгөрсөн шөнө хэт даврагч этгээдүүд Алматы хотын захиргааны байр, цагдаагийн газар руу халдаж, дайран орохыг завдсан. Халдлага үйлдэхийг завдсан хэдэн арван жагсагчийг устгасан бөгөөд нас барсан этгээдүүдийг тогтоох ажил явагдаж байна” гэжээ.
Мөн цагдаагийн алба хаагчид терроризмын эсрэг ажиллагаа явуулж байгаа бөгөөд төрийн захиргаа, цагдаа хүчний барилгууд руу халдагчид руу шууд хариу цохилт өгөхийг анхааруулсан юм. Түүнчлэн, цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлын үүднээс нөхцөл байдал намжтал иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.
Казахстаны Дотоод хэргийн яам Алматын хотод лхагва гаригийн шөнө болсон мөргөлдөөний үеэр цагдаа, цэргийн найман алба хаагч алагдаж, 300 гаруй нь шархадсан гэж мэдээлсэн юм.