Төрийн банкнаас уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхрагыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.
Дээрх ажлын хүрээнд Төрийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг 2022 оны энэ сарын 14-16-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулахаар болжээ.
Тус үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх олон давуу талтай юм. Мөн тус үзэсгэлэнд ирснээр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн эх орны эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломж бүрдэж байгаа юм.
Төрийн банкнаас жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гарааны, гялс, эмэгтэйчүүд, хөдөө аж ахуйг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээл болон дундаж давхаргад чиглэсэн бусад санхүүгийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байгаа билээ.
Түүнчлэн Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох инкубатор төвийг байгуулан ажиллаж эхлээд байна.
Төрийн банк – Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний банк