Жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн олон ангит кинонд дүр бүтээжээ
Жүжигчин С.Ариунбямба энэ цаг үеийн жүжигчид дотроо хамгийн дотортой жүжигчний нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Түүнийг Ардын жүжигчин П.Цэрэндагвыг орлох, ирээдүйн эсрэг дүрийн баатар ч гэлцдэг. Бидний сайн мэдэх “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма” зэрэг олон кинонд тоглож жүжигчний ур чадварыг мэдрүүлсэн гэхэд алзахгүй. Мөн тэрээр УДЭТ-т ажиллан 60 гаруй жүжигт тоглосон аж.
Түүний авьяас чадвар эх орноосоо давж дэлхийд үнэлэгдэн тэрбум гаруй хүн амтай Хятад улсад түүхэн олон ангит кинонд уригдан тоглосон гэнэ. Хятадын сувгуудаар цацагдаж эхэлсэн “The Longest Day in Chang’an” хэмээх түүхэн цуврал кино өнөөдрийг хүртэл Хятадын киноны “топ 10”-ийг тэргүүлсээр байна.
Уг киноны үйл явдал Тан улсын үеийн нийслэл Чанг Ан-д өрнөх бөгөөд Түрэгийн цэргүүдийн бослогыг дарахаар зэхэж байгаагаар эхэлдэг.Тангуд Түрэгүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон сайн дурын шилдэг 50 түрэг баатрын дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд жүжигчин С.Ариунбямба тоглосон юм. Энэ нь хоёрдугаар гол дүр буюу эсрэг талын гол дүр. Тус кино 2019 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн олон орон, Америкт хүртэл гараад байгаа аж.
Энэ бол Монгол жүжигчний хувьд том амжилт. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж буй жүжигчин С.Ариунбямбад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.