Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн төсвөөс жил бүр “Эрүүл мэндийн байгууллагын ажлын үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-ыг  батлан ажил үйлсээрээ тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанг урамшуулж ирсэн билээ.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 2021 оны шилдэг байгууллага, эмч мэргэжилтэнд шагнал гардуулах уламжлал болсон энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр Хангарьд ордноо зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021 оны А/1006 дугаар захирамжийн дагуу нийслэлийн эрүүл мэндийн шилдэг 12 байгууллага, 187 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад  400 орчим сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Ж.Отгонболд болон шилдэгээр шалгарсан эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтэний төлөөлөл оролцсон. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө  ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Коронавирусын халдварын цар тахлын энэ хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж нийслэлийн хүн амын эрүүл энхийн манаанд сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, ажилтан, албан хаагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлээд цаашид цар тахлыг бүрэн дарахад нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллах болно гэж хэллээ.

Энэ жилийн шилдэг байгууллагаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв шалгарсан бол шилдэг өрх, тосгоны эрүүл мэндийн төвөөр Налайх дүүргийн “Нарны эрч” ӨЭМТ, Сүхбаатар дүүргийн “Конвер” ӨЭМТ, Баянгол дүүргийн “Амин жаргалан” ӨЭМТ,  Хан-Уул дүүргийн “Хашчагнуур” ӨЭМТ,   Сонгинохайрхан дүүргийн “Энхийн өргөө”  ӨЭМТ,  Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” ӨЭМТ  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас 70 эмч, 69 сувилагч, тусгай мэргэжилтэн, 48 бусад албан хаагч гээд нийт 187 ажилтныг шилдэгээр тодруулан мөнгөн урамшуулал олгосон ба тэдний төлөөлөл болж есөн албан хаагчид хүрэлцэн ирж шагналаа гардан авсан юм.

2013 оноос эхлэн олгож байгаа энэхүү урамшууллыг давхардсан тоогоор 1100 гаруй эрүүл мэндийн ажилтан, 60 орчим байгууллага авсан ба нийслэлийн төсвөөс 3 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна.

Ёслолын арга хэмжээг хааж НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү  баяр хүргэн үг хэлэхдээ “Иргэд маань чөлөөтэй гадуур зорчиж, үзвэр үйлчилгээ, спорт, урлагийн арга хэмжээнүүд нээгдсэн байна. Энэ нь та бүгдийн ач гавьяа, та бүхний хөдөлмөр хөлсийн үр дүн юм. Цар тахлын хажуугаар үндсэн тусламж, үйлчилгээг алдуулахгүй, өмнөх үеийн үзүүлэлтийг ахиулан ажиллаж байгаа нь та бүхний ур чадвар, мэргэжлийн чадавх, ажлыг хийж бүтээх эрч хүч дүүрэн байгааг илтгэж байна. Нийслэлийн харьяа байгууллагын 7000 гаруй эмч, алба хаагчдыг төлөөлөн та бүхнийг шагнаж байгаа юм шүү” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *