УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулиа айл бүр хоймортоо залах зарлиг гаргахыг Ерөнхийлөгчөөс хүслээ
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийг айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн дээдэлж хоймортоо залах зарлиг гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч хандахаа мэдэгджээ. Тэрээр “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны эх сурвалж болсон Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдөх нь монголчууд бидний бахархал нөгөөтэйгүүр үүрэг юм.
Монголынхоо ард түмнийг Үндсэн хуулиа өргөө гэрийнхээ хойморт хүндэтгэн залж, зүйл заалт бүрийг нь мэдэж, алхам бүртээ дагаж мөрдөн хэрэгжүүлэхэд уриалан үлгэрлэх, сурталчилан таниулах нь Монгол төрийн үүрэг гэдэгт итгэдэг.
Иймээс төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулиа даяар олноо эрхэмлэн дээдлэн хоймортоо залах тухай зарлиг буулгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Хүрэлсүхээс хичээнгүйлэн хүсч хандана” гэсэн байна.