О.Ами: Миний хүүхэд цэцэг болон ургасан ч бусдын хүүхэд шарилж болон өсвөл яах вэ?
Өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч буй зохиолч, сэтгүүлч О.Амитай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрбээр саяхан “Соргог хүүхэд” номоо хэвлүүлээд байгаа юм.
Монгол ёсоор мэнд мэдээд, амьдарч байгаа газрын “өнгө” асуугаад ярилцлагаа эхлүүлье.
Миний амьдарч байгаа газар цас ороод, хүйтний эрч чангарч, хаа нэг цас унаад сайхан л байна. Монголын минь өвөл шиг энгийн нэг эгэл өдрүүд үргэлжилсээр л байна даа.
Таны амьдарч буй АНУ короногийн хамгийн өндөр халдвартай, хамгийн их хохирол амссан улсын нэг. Ковидоос болоод өөрчлөгдсөн зүйл их байна уу?
Өөрчлөгдсөн зүйл нь гэвэл хүмүүс амны хаалттай явдаг болсон байна. Харин миний хувьд гадуур явж байгаад зөрөөд өнгөрөхдөө танихгүй нэгний инээмсэглэл олж харахгүй байгаа нь л жаахан гунигтай юм даа. Бусад бүх талаар миний болон манай гэр бүлийнхний хувьд өөрчлөгдсөн зүйгүй. Надад ковидын халдвар аваад өвдчихвөл яана аа , үхчихвэл яана аа гэдэг бодол нэг ч удаа төрж байгаагүй.Магадгүй ингэж ярихаар зарим нь намайг ямар хайнга хүн бэ гэж бодож магадгүй. Хүн өөрийнхөө тархи болон үзсэн туулсныхаа хэмжээгээр бусдад дүгнэлт хийдэг. Би бол хайнга гэхээсээ илүү ирээдүйд болох зүйлд одоо цагаа зарцуулж, болоогүй зовлонг бодлоороо тосч гүйдэггүй хүн байна гэж харах байсан байх.
Бүтээл ихэнхдээ асар хүчтэй мэдрэмжээс төрдөг л дөө. Ковид таныг айлгаж чадаагүй гэхээр нэлээн чанга хүн байх гээд байдаг. Ямар учраас “Соргог хүүхэд” номыг бичих болсон бэ?
Миний хүүхэд цэцэг болон ургасан ч бусдын хүүхэд шарилж болон өсвөл яах вэ. Олон шарилжны дунд цөөхөн цэцэг хэр үзэсгэлэнтэй харагдаж, жаргалтай байж чадах бол. Өөрийнхөө хүүхдэд хүсдэг сайхан бүхнээ бусад бүх хүүхдүүдэд хүссэн. Тиймээс л ном бичихээр шийдсэн дээ. Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол улс гэдэг ч хавтгайгаараа хүний эрхийг хэрэгжүүлэх битгий хэл онолын төвшинд ч мэдэхгүй байгаа нь өнгөрсөнд болсон олон үйл явдлаас харагдлаа. Би амьдраагүй юм чинь гээд хаяж чадахгүй ямар нэгэн юм заавал хийх ёстой гэдэг холын бодол цээжинд яваад л байсан. Тэгээд Монгол хүүхэд дэлхийн хэмжээний юм уншиж байж л дэлхийн иргэн (цэцэг болон ургах) болохыг ойлгосон даруйдаа “Соргог Хүүхэд” номыг бичихээр шийдсэн. Тэгээд олон хүний дэмжлэг туслалцаатайгаар эхний номынхоо ард гарлаа.Цаашид өсвөр үе, насанд хүрэгчдэд зориулсан агуулгаар хоёр цуврал гаргахаар төлөвлөсөн. Эхэлсэн. Ер нь надад эхэлсэн ч дуусгаагүй цөөн биш “бүтээл” байдаг даа. Эхнээс нь гүйцээж байна.
Сая таны ярианд, Монгол хүүхэд, дэлхийн иргэн гэх үг дурдагдлаа. Эдгээр үгнүүдийг дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
Ихэнх хүмүүс эх орон гэдгийг өөрийнхөө төрсөн газар, томдоо Монгол улсаар төсөөлдөг. Хүмүүс үр хүүхдэдээ нутаг ус, улс Монголдоо хэрэгтэй хүн болоорой гэж захиж хэлж байхыг хөндлөнгөөс олон ч удаа харж байлаа. Харин минийхээр бол Миний эх орон бол миний энэ цэнхэр дэлхий.
Нэг удаа миний нэг танил ах надаас чи яагаад хоосон болсон усныхаа савыг зүгээр хаяхгүй , базаж жижиг болгоод байгаа юм бэ гэж асуухад нь би эх дэлхийгээ хайрлаж байна гэж хариулсан. Тэгээд миний тухай хүнд ярихдаа Ами их сонин, ингэж асуутал тэгж хариулсан гээд л ярьдаг байсан нь сая санагдчихлаа.
Тэгэхээр энэ мэтчилэн жижиг мэт боловч чухал хандлагууд таныг “дэлхийн” иргэн болгож байгаа юм. БИ дэлхийгээ хайрлаж байгаа юм чинь дэлхийн иргэн мөн биз дээ. (инээв)
Дэлхий ертөнц, интернетийн тусламжтай асар хурдацтай өөрчлөгдөж бараг л үндэстэн хоорондын ялгаа тоотой хэдхэн үлдлээ. Бид, нэн ялангуяа дэлхийн залуучууд улам л адилхан болж байна. Ижил үзэл бодол, мэдрэмжтэй хүмүүс адил “нутагтай” болно. Энэ нь цэнхэр дэлхий.
Энэ цэнхэр дэлхийд хүний дайтай амьдрахын тулд дэлхийн стандарт хандлагад нийцсэн мэдлэг, мэдээллээр тархиа цэнэглэх хэрэгтэй байна аа. .
Хөгжсөн, хөгжингүй гэж тодорхойлогддог улсад хүн эрхээ мэдэхийн дээдээр мэддэг, түүнтэйгээ адил үүргээ маш сайн ухамсарладаг. Үүнийг л Монгол хүүхдэд мэдүүлэхийн тулд “Соргог хүүхэд” номоо бичсэн дээ.
Таны эх орон цэнхэр дэлхий гэлээ, тэгвэл таны хувьд төрж өссөн Монгол чинь юу юм бэ? Та Монголдоо хайртай юу?
Хайртай гэж хэлчхээд сэтгэл дотор нь хайр байдаггүй, үйлдэл нь худлаа байх тохиолдол бий. “Хайрласандаа” хайргүй гээд хэлчхээр сэтгэл дотор аугаа их хайр нь мэдрэгдээд, үйлдлээс нь эх орноо энэрсэн хайр харагдаад яваад л байдаг. Хайртай гэдэг үгийг хамаагүй хэлчхээд хэлсэндээ хүрч чадаагүй, чадахгүй байх вий гэхээс айж байна.
Ямартай энд тэнд, эргэн тойронд харсан үзсэн, мэдэрсэн сайхан бүхнээ Монголдоо аваачих юмсан, Монголоо ийм болгох юмсан гэж боддог.
Би бол таныг эх орон, элэг нэгтнүүддээ хайртай болохоор эх хэлээрээ хүүхдийн амьдрах ухааны боловсролд зориулсан ном бүтээсэн гэж бодож байна?
Тэгвэл би дэлхийн хэлээр ном бүтээх бодолтой байгаа, тэгэхээр би дэлхийдээ хайртай хүн байх нь ээ. Дэлхийн хэл гэдэг нь Англи хэл шүү.
Одоо ингээд бодоход надад бусад ихэнх хүмүүст байдаг шиг тийм олон хил хязгаар байдаггүй. Жишээ нь миний эх орон бол энэ цэнхэр гариг гэдэг шиг. Монголдоо хог тарихгүй гэснээ өөр улс оронд очихоороо миний нутаг биш юм чинь гээд хогоо асгаад байвал тэр хүн бас л буруу хүмүүжсэн хүн байна. Иймэрхүү хүмүүс нэг их эх орондоо хайртай дүртэй хирнээ цагаа тулбал өөрийнхөө үүдний шороог хөршийнхөө гутлын гишгүүр доор хээвнэг тавьчхаад ухамсар гэмшлийн сэтгэлгүй “хөгийн” хүн шиг санагддаг. Үүнийг ойлгодоггүй хүн бол өөрийнхөө хэмжээгээр янз бүрээр л харах байх л даа. Өөртөө бол бидний, тэдний, таны л зөв шүү дээ.
Танд Монгол хүмүүсийн яг юу нь болохгүй юм шиг санагдаж байна?
“Бид бүгд тэнэг, гэхдээ илүү тэнэг нь тэрийгээ мэдэхгүй байна” гэж Д.Энхбат гуай хэлсэн байна лээ. Надад ч бас энэ үг үнэн санагдаад байгаа юм. Миний буруу байж болох юм, ядаж энэ удаад миний алдаа байсан байж магадгүй гэж бодохгүй хүмүүс байгаа нь “аймаар”.
Тэр миний сэтгэлийг сийчиж, миний эрхийг зөрчсөн атлаа бодит байдлыг зөвхөн өөрийнхөөрөө бодож, тайлбарлаж ярьж болно. Харин би бол зүрхээ сийчүүлээд, эрхээ зөрчүүлээд дуугүй л байх ёстой.
Энэ бол ихэнх Монголчуудын өнөөгийн ухамсар юм шиг мэдрэгддэг. Аливаад заавал нэг нь буруутай гэхдээ тэр буруутай хүн нь тэр биш “би” байх ёстой. 2 талдаа вин вин зарчимтай байж болохгүй, сонин сэтгэлгээ шүү.
Бас дээр нь хүнийг өөрийнхөө оронд тавьж үзэх, бусдыг ойлгох, хайрлах эмпати маш сул байгаа нь харагддаг. Жишээ яривал зөндөө л байна. Дараа нь хүнд “үг хэлэхүйц, өөрийнхөө түүхийг ярихуйц хүн болбол ярих олон юм байна аа.
Тантай ярилцаад эхэлсэн чинь “Соргог Хүүхэд” ном юуны тухай өгүүлдэг нь сонирхолтой санагдчихлаа?
Сүүлийн үед зөвхөн кинон дээрээс л хардаг, гадаадад хаа нэг гарлаа гэдэг хэрэг өмнөх гудамжинд, хөрш айл, хамаатны гэрт гардаг болчихжээ. Мэдээж хохирсон, хохироосон хоёр хоёулаа л хохирно. Ямар нэгэн үйл явдал болоод хохироогчийг нь бид ямар нэгэн байдлаар хараагаад хэдэн өдөр болоод дараагийн хараах сэдэв гарч ирээд байх шиг. Хүчирхийлэл хаа сайгүй байна. Хамгийн аюулгүй орчин байх ёстой гэр оронд ч гэсэн хүчирхийлэл хамгийн өндөр атлаа нууцлагдмал байгааг статистик, бодит хэргүүд харуулсаар байна. Тиймээс “Соргог Хүүхэд” номоор дамжуулан хүүхдэд багаас нь чи “хүчирхийлэгч” байж болохгүй юм аа, бусад хүүхдэд, хүнд хэн ч халдаж болшгүй эрх байдаг аа гэдгийг ойлгуулах нь миний эхний зорилго. Хүчирхийлэл болон хүчирхийлэлтэй орчинд өссөн ихэнх хүүхэд хүчирхийллийг байж болохуйц зүйл шиг хүлээж авдаг нь олон статистик судалгаанаас харагддаг. Маш цөөн байгалийн хүчтэй нь “сөргүү” чанартай болдог байх.
Хүчирхийллийн үндсэн шалтгаан таны бодлоор юу вэ?
Хэн нэгэн ирээдүйн хүчирхийлэгчийг бэлдэхгүйн тулд багаас нь хүний эрхийн тухай ойлгуулах ёстой. Мэдээж дунд сургуулиудад иймэрхүү төрлийн хичээл байдаг байх л даа. Гэхдээ яг хүүхдэд зориулсан, хүүхдийн сэтгэлгээнд тааруулж тохирсон өдөр тутмын амьдралд нь тохиолдог үйл явдлуудаас иш татаад бичсэн ном маш цөөхөн байх. Намайг дунд сургуульд байхад амьдрах ухааны хичээлийн цаг байдаг байсан ч өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудын бүтэлгүйг нь түүж аваад хүүхдүүдийг самбарын өмнө гаргаж айлгаж, ичээж байгаад л тэр цаг нь дуусдаг байсан.
Тиймээс багш сургуулиас хамаарахгүйгээр эрхээ мэдэж, үүргээ ухамсарласан хүүхдийг бүтээхэд гар бие оролцохоор шийдэж “Соргог хүүхэд” номоо бичсэн нь миний удаах зорилго байсан. Мэдээж дэлхий нийтийн сэтгэлгээг хүүхдэд зориулж, хүүхдийн ойлгодог хэлээр буулгана гэдэг амар байгаагүй. Энэ ном хүний эрхийн түгээмэл тунхаглалын эхний арван зүйл санаан дээр тулгуурлаж бичигдсэн, дэлхийн бүх хүүхдийн мэдэх ёстой мэдлэгийг агуулсан ном.
Эхний арав гэхээр, нийт хэдэн тунхаглал байдаг билээ?
Гучин тунхаглал байдаг. Би амьдралдаа Нэгдсэн үндэсний байгуулга, Сорсын сан, Дэлхийн зөн, Хүний эрх, Хүүхдийн эрхийн конвенц гэх зэрэг маш олон үгсийг мэдээ мэдээлэлээс харж сонсдог ч яг юу байдаг, яаг юу хийдэг, хийчихсэн зэргийг ихэнх нь мэддэггүй юм билээ. Жишээ нь би хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж байдгийг мэддэг байсан хирнээ хэдэн заалттай, яг ямар ямар нарийн заалттай байдгийг номоо бичих судалгаа эхлэхээс өмнө нарийн сайн мэддэггүй байсан. Ном бичих судалгаагаа эхлэээд уншаад судлаад үзэхэд англи хэлнээс орчуулахдаа утгын алдаатай, бас Монгол хэл дээр буулгахдаа онож тохироогүй үг сонгосон зэрэг алдаа олж харсан ч нэгэнт засгийн газар, яам тамгаараа баталсан юмыг надад өөрчлөх эрх байхгүй тэр янзаар нь тавьсан даа.
Яагаад заавал хүүхдэд зориулсан ном гэж?
Хүүхэд эцэг эхийнхээ үгнээс илүү найз нөхдийнхөө үгийг илүү хүлээж авдаг. Гэхдээ амьдралыг үзэж туулсан төвшин нь их ялгаагүй нэг үеийнхэн бие биедээ юу зааж сургах бол. Аз таарч зөв үг хэлэх хүүхэд байж болох ч аз үргэлж таарах уу? Нөгөө талд хүүхдэд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол ном. Ном бол үзэл санааг төлөвшүүлэх хамгийн хүчтэй “зэмсэг”
Өөрийн эдлэх ёстой мэдсэн хүн бусдын эрхийг ч бас хүндлэх “үндэс” бөх бодлыг хүүхэд “НОМ” ноос л олж авна. Бас дээр нь оюун ухаан нь бидэн шиг олон жил хэрэгтэй хэрэггүй мэдээлэл мэдлэгээр дүүрээгүй учир, аливааг сэргэг хүлээж авна. Тэдэнд орой зай байна, харин насанд хүрэгчдэд шинэ, зөв үйлийг ойлгуулах ухамсарлуулах нь маш хэцүү.
Таны яриа надад олон зүйлийг арай өөр талаас нь бодогдууллаа. Тиймээс Монгол Улс яавал хөгжих бол гэж асуу?
Би тэрийг хэлж чаддаг, мундаг мэргэжилтэн биш юм даа. Гэхдээ хувь хүний бодол асууж байгаа бол Монголд маань маш олон сургалт семинар зарлагдаж, зохион байгуулагдах юм аа. Багш нарын, даргын, менежерийн ер нь бүх төрлийн хэрхэн, удирдах вэ манлайлах вэ гэсэн сэдвийн хүрээнд. Тэр хурлаас нь үр дүн гарч байгааг би мэдэхгүй юм. Гарч байсан бол өнөөдөр нийгэм ийм байх уу гэдэг бас бодох л асуудал. Минийхээр бол хэрхэн Манлайлах вэ биш хэрхэн үнэн байх вэ, хэрхэн үнэнтэйгээ нүүр тулах вэ, хэрхэн сул талаа олж хараад түүнийгээ засах вэ. Хэрхэн үнэнч гүйцэтгэгч байх вэ, хэрхэн хэлсэндээ хүрэх вэ зэрэг сургалт хэрэгтэй байна. Хүний суурь зөв тавигдвал үнэнч гүйцэтгэгчээс хайрлам манлайлагч болох биш үү. Ямар ч суурь байхгүйгээр хоосон сэтгэл, хатангиршсан тархинд хэчнээн ухаантай үг хэлээд, манлайлагчийн тухай заагаад энэ нь нийгэмд ямар хэрэгтэй вэ?
Миний асууж чадаагүй ч таны хэлж чадаагүй үлдсэн зүйл байна уу?
Солонгосын нэгэн “алдарт” аюулт гэмт хэрэгтэн хэлэхдээ хэрэв намайг хүүхэд байхад хэн нэг нь нэг л удаа хайрлаад намайг ганцхан тэвэрсэн бол, хэн нэг нь харааж зодохгүйгээр буруу зөв хоёрыг ялгаж хэлсэнсэн бол би ингээд одоо шоронд орохгүй байх байсан. Хохироосон бүх хүмүүсээс, ар гэрийнхнээс нь уучлал хүсч байна гэж хэлсэн байсан.
Хэдийгээр энэ үгийг хэлсэн хүний нэрийг санахгүй ч үгийг нь уншсан төрсөн мэдрэмжээ огт мартсангүй ээ. “Соргог Хүүхэд” ном бол хүүхдийг дулаанаар тэврээд, болох болохгүйг “харааж, зовоохгүйгээр” тайлбарласанаараа хүүхэд бүрийн, хүн бүрийн унших ёстой ном болсон.
Өөр нэг зүйл нь том хүн болохоор л “том” хүний зөв биш. Хүүхэд болохоороо л “хүүхдийн буруу” байж, томчуудын хэлснээр явах ёсгүй юм аа. Ер нь миний аав, ээж болохоор, ах дүү болохоор, амраг садан болохоор, үр хүүхэд болохоор л “зөв” тэд хүн хохироосон ч хамгаалах өмгөөлөх нуух ёстой гэдэг бол асар “ядуу” сэтгэлгээ шүү. Үүнийг мэдэхгүй нэг хэсэг бүлэг хүмүүс ч байна. Сайшаалтай нь буруу гэдгийг нь ч мэддэг хүмүүс цөөн биш байна. Бидэнд зарчим байх хэрэгтэй гэхдээ тэр зарчим механизм нь ямар ч танил, цус ясны холбооноос гадуур ажилладаг байх хэрэгтэй. Ингэсэн цагт л тэнд жинхэнэ хөгжил байх болов уу?
Таны номыг хаанаас авч болох вэ?
Аз хур номын бүх салбараар, бас онлайн захиалгын сайтад байршсан гэсэн. Мөн олон тоогоор авч байгаа хүмүүс миний онлайн хаягаар холбогдоод авч байна. Ойрд би “Соргог Монгол” төслөө эрчимжүүлж хэрэгцээтэй газарт нь номоо түгээх хүргээд өдөр бүр завгүй, бас талархалтай байгаа даа. Нээрээ бас мастерын ангид хамт сурч байсан ах маань орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж, Mplus-д байршуулах зөвлөгөө өгсөн. Одоо дагана даа. Тэгсэн цагт орой зай хамаарахгүй илүү олон хүмүүст хүрэх байх.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.