Малчдад 5000 тонн тусламжийн тэжээл хүргэжээ

Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна.

Зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах  талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, таван аймаг, 74 сумын 45750 мянган малчин өрхийн 19.246.583 толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 301547 төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн  дэмжлэг үзүүлэх  тооцоо гарсан. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгожээ.

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт тэжээл түгээлт 4,791,580 кг буюу 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Гурил тэжээлийн үйлдвэрүүд үлдэгдэл 7,663.78 тонн тэжээлийг гуравдугаар сарын 15-ны дотор үйлдвэрлэж дуусгах шахуу төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна. Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилах, хянах зорилгоор хяналт мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон вебд суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ажиллуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *