Монгол Улсаас өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцох болзлоо хангажээ
Олон улсын цанын холбооноос олимпын эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргажээ.
Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпын наадамд оролцох боломжтой болсон тул Олон улсын цанын холбооноос баталгаажуулах цахим шууданг Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-нд ирүүлсэн байна.
Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм.
Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн нормативыг хангасан билээ.Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв.
Тэшүүр, биатлоны тухайд олон улсын холбооноос нь олимпын эрхийн дахин хуваарилалт хийсний дараа нэгдүгээр сарын 21-нд нэмэлтээр эрх авсан тамирчдыг албан ёсоор зарлах юм. Тус хоёр төрөлд өрсөлдсөн манай тамирчид одоогоор нөөц тамирчны жагсаалтад бүртгэгдээд байна.
Эх сурвалж: МҮОХ