|

С.Эрдэнэбат: Ахмадууд тэтгэвэрт гараад шууд ядууралд орж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийж тэтгэврийн зөрүүг багасгах, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нараас шаардлага хүргүүлж буйгаа танилцууллаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Монголын ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөг авч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Ахмадуудыг цагаан сараар хүлээж авна гэхээсээ илүү тэтгэврийг нь нэмээд өгөөч. Шийдвэр гарахыг хүлээсээр байтал өдөр тутамд хорвоог орхиж байна.

МҮЭХ ирэх 4 жил цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. Ахмадууд тэтгэвэртээ гараад шууд ядуурал руу орж байна. 350 мянган төгрөг бол баячуудын өдрийн хоолны мөнгө. Өчигдөрхөн талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Гэтэл ахмадуудын тэтгэвэр өөрчлөгдөхгүй байна. Сар шинийн өмнө нэмэгдүүлнэ гэж итгэж байна” гэлээ.

Мөн энэ үеэр  Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар  “2022-2023 онд тэтгэврийн зөрүүг арилгах,  тэтгэврийг 500-600 мянга болгож өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-600 мянган төгрөгөөр тогтоовол тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэнэ.

Үүний цаана олон жил ажилласан эсэх, авч байсан цалингийн хэмжээ, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан гэх мэт олон хүчин зүйл тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх ёстой. 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой хүн 350 мянган төгрөг авч байна. Тасралтгүй 30-40 жил ажилласан багш, үйлчлэгч, тогооч зэрэг хүмүүс 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Жишээ татахад, одоогийн УИХ-ын гишүүд тэтгэвэрт гарахад 1,3 сая төгрөгийн тэтгэвэр авах болно. Харин 10 жилийн өмнөх УИХ-ын гишүүд 600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Маш өндөр зөрүү гарч байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *