Н.Учрал: Хүн олдохоо байсан юм шиг Солонгос хэлгүй хүнийг Солонгосын Элчин сайдаар томилох юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ, Кувейт Улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал “БНСУ-ын Элчин сайдын яаманд 7-8 хүн ажилладгийн хоёр нь Солонгос хэлтэй юм билээ. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдад нэр дэвшигч Э.Сарантогос таны Солонгос хэлний түвшин өндөр бус юм байна. Тэнд очиход танд туслах хүн байхгүй. Цаашдаа ажил явуулахад төвөгтэй.
Б.Батцэцэг сайд та анхаарах хэрэгтэй. Байх ёстой хүнийг байх ёстой байранд нь байлгамаар байна. Нэр дэвшигчийг мундаг боловсролтой, туршлагатай гэдэг утгаар нь хүндэтгэж байна. Гэхдээ энэ Япон хэлтэй юм байна. Япон руу нь явуулж болдоггүй юм уу. Монгол Улсын 42,000 иргэн оршин суугаа БНСУ руу Солонгос хэлтэй хүн явуулж болдоггүй юм уу. Хүн олдохоо больсон юм шиг л байх юм” гэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Э.Сарантогос бол хариуцдаг газрынх нь захирал. Олон жил энэ чиглэлээр ажилласан. Зөвхөн Японоор мэргэшээгүй. Элчин сайдын хувьд хэлний мэдлэг, дипломат ур чадвараас гадна удирдах ур чадвар чухал байдаг юм билээ. БНСУ-д байгаа Элчин сайдын яам бол том ЭСЯ. БНСУ-ын Гадаад харилцааны яамтай ч өндөр түвшинд ажиллах шаардлага гардаг” гэв.