Дулааны станцын гэмтлийг зассан ч өөр газраас шугам хагарч халаалт тасалдав
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг “Эрчимбаян-Өлгий” компанийн Дулааны цахилгааны станцын зуухны гарах шугам өчигдөр орой орон нутгийн цагаар 18:00 цагийн үеэр буудсан байна.
Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан аж.
Компанийн инженер техникийн ажилчид гэмтлийг бүрэн засварлаж 22:29 цагаас дулаан түгээж эхэлсэн хэмээн мэдэгдсэн боловч зарим айл өрх, орон сууцад одоог хүртэл халаалт ирээгүй байна.
“Зуухны гэмтлийг засварласан боловч өөр нэг газраас шугам хагарч, хотын төв хэсэг халаалтгүй байна. Өчигдрөөс гэмтсэн шугамыг олохоор ажиллаж байна” хэмээн дулаан дамжуулах төвөөс мэдээлэв.