ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан : Нийт тохиолдлын 90 хувь нь омикроноор халдварлажээ
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээр сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Тэрээр “ХӨСҮТ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм. Оны өмнөхөөс тохиолдлын тоо дөрөв дахин өслөө. Иймд бид хариу арга хэмжээгээ өөрчлөв. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад илүүтэй хяналт тавьж ажилласан бол одоо дотоодын халдвар өсчихлөө. Иймд эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзэллээ. Эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутыг гаргахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээр үйлчлүүлжээ. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа ягштал баримтлах шаардлагатай.
Халдварын оргил үе ирэх сарын эхээр буюу Цагаан сартай давхцахаар байна. Мөн энэ үед хүүхдүүдийн хичээл эхэлнэ. Бид тандалтын судалгаагаа холбогдох байгууллагуудад өгсөн тул удахгүй УОК шийдвэрээ гаргах байх.
Би хувилбарын тандалтын шинжилгээ хийдэг. Ямар төрлийн вирусээр үүсгэгдэв, тархалт нь ямар байгааг тогтоох нь энэ судалгааны зорилго юм. Хувилбарын тандалтын хамгийн сүүлийн мэдээллээр оны өмнө нийт эерэг тохиолдлын 1-3 хувь нь омикрон байв. Харин энэ сарын эхний долоо хоногт 40-50 хувь, дараагийн долоо хоногт 60-70 хувь болж өслөө.
Энэ сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрчээ. Бид генийн дараалал тогтоох шинжилгээгээр энэ хувийг баталгаажуулдаг.
Залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Мөн амны хаалтаа сайн зүүх, N95 болон мэс заслын амны хаалт зүүх шаардлагатай байна. Зарим иргэн чанарын шаардлага хангаагүй амны хаалт зүүж байна. Цагаан сараар гэр гэртээ л золгож баярлах нь зөв. Ах дүү, аав ээжтэйгээ цахимаар, утсаар ярьж золгоорой” гэв.