Ажилгүй 5000 залууг сургалтанд хамруулна

Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 500 тэрбумыг нь залуусыг сургалтад хамруулж, ажлын байранд зуучлахаар тусгасан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино  хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад эхэлжээ.

Энэ талаар ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа “Эдийн засаг,  нийгмийг эргэлтэнд оруулахын тулд 10 их наядын хөтөлбөр буюу төлөвлөгөөг Засгийн газар хэрэгжүүлж буй. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих ажлилтай энэ хөтөлбөр уялдаж байгаа.

Өнөөдөр хүнсний талон авч буй 43 мянган өрх бий. Эдгээр өрх дотор ажил, хөдөлмөр эрхлэх насны ажилгүй байгаа залуусыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, нэг сургалтад мэргэжлийн сургалтад хамруулая гэсэн агуулгаар хөтөлбөрөө бэлдсэн. Энэ сургалтаар мэргэжил олгохоос илүүтэй хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжил, дээр нь хөдөлмөрийн зах зээлд ороход нь бэлтгэх зорилготой.

Хөдөлмөр эрхлэх сангаас энэ сургалтыг санхүүжүүлнэ. Эхний 500 залууг дөрөвдүгээр сарын 1-нээс сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Цаашлаад сардаа 1000, 5000 залууг сургана.  Эхний шатанд нийтдээ 5000 залууг хамруулна. Сургалтад хамрагдсан залуусыг шинээр эхлэх бүтээн байгуулалтын төслүүдэд хамруулах боломжтой.

Бид сургалтад  суулгахдаа ажлын байрны захиалгыг бас гаргаж, жуулчлалын үүргийг гүйцэтгэнэ” гэж мэдэгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *