Харанхуйд зам хөндлөн гарахдаа гар утасныхаа гэрлийг асаахыг зөвлөлөө

Үзэгдэх орчин муу үед бараан өнгийн хувцас өмссөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байгаа талаар өмнө нь Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байсан.

Тиймээс шөнө оройн цагаар буюу харанхуйд явган зорчигч гэрлэн дохиогүй газраар зам хөндлөн гарахдаа гар утасныхаа гэрлийг асааж байхыг ТЦА-аас зөвлөж байна. Учир нь хар бараан хувцастай явган зорчигчийг жолооч анзаардаггүй эсвэл гэрлийн гялбаанд харж чаддаггүй бөгөөд явган зорчигч өөрийг нь жолооч харж байгаа гэж итгэн зам хөндлөн гарснаар автомашинд мөргүүлэх эрсдэлтэй байдаг.

2021 онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан 383 хүний гуравны нэг нь явган зорчигч байжээ.

Тиймээс үзэгдэх орчин хязгаарлагдмал үед явган зорчигч утасныхаа гэрлийг асаан ирж яваа жолооч руу далласнаар жолооч хурдаа саах, гарцан дээр зам тавьж өгөх боломжтой болж, явган зорчигч зам хөндлөн аюулгүй гарах юм. Гэрэл асаан даллахад жолооч түүнийг 150-200 метрийн зайнаас харж чаддаг байна. Мөн тээврийн цагдаагийн албанаас үүнийг туршиж зуслангийн болон алслагдсан дүүргийн сул чөлөөтэй замд гар утасны гэрлийг асаан дохиход жолооч нар хурдаа хасаж байжээ.

Шөнийн цагаар жолооч нарт шар, улаан, цагаан гэх мэт гэгээлэг өнгийн хувцастай явган зорчигч тод харагддаг бол хар бараан хувцастай иргэд бараг харагддаггүй аж. Тодруулбал, тээврийн цагдаагийн албанаас судалгаа явуулахад;

  • хар өнгийн хувцастай явган зорчигчийг ердөө 17-20 метр
  • улаан өнгийн  хувцсыг 20-30 метр,
  • шар өнгийн хувцсыг 30-40 метр,
  • цагаан өнгийн хувцастай бол 57 метр,
  • гэрэл ойлгогч хантаазтай бол 130-150 метрээс тус тус анзаарч байжээ.

Бага ангийн сурагчдын цүнх, ханцуйвчинд гэрэл ойлгуулагч байршуулсан нь үр дүнгээ өгч байгаа ч өсвөр насны хүүхдүүд, оюутан залуус хэрэглэдэггүй учир зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг.

Өвлийн улиралд халтиргаа гулгаа их энэ цаг үед 60 км/цаг явж байгаа тээврийн хэрэгсэл зогсоход дунджаар 62 метр зам туулдаг учир замын хөдөлгөөнд жолооч, явган зорчигчид болгоомжтой оролцохыг сануулж байна.

Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигчийг анзаарахгүй 60 км/цаг хурдтай явж байгаа үед секунд тутамд 16,6 метр замыг туулдаг байна. 2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн амиа алдсанаас 129 нь буюу гуравны нэг нь явган зорчигч байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *