Вакциныг эсэргүүцэгч Чехийн дуучин зориуд коронавирусийн халдвар аваад нас баржээ
Вакциныг эсэргүүцдэгээрээ алдартай Чехийн нийтийн дуучин эмэгтэй өөртөө дархлаа тогтоох зорилгоор зориуд коронавирусийн халдвар авсан нь муугаар эргэсэн байна. Европын Холбооны гишүүн орнууд зөвхөн вакцины гэрчилгээтэй иргэдэд урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцохыг зөвшөөрч байгаа.
“Asonance” хамтлагийн 57 настай гоцлол дуучин Хана Хорка энэ хоригоос гарахын тулд өөртөө зориуд халдвар авсан ч удалгүй бие нь муудаж, Ням гарагт нас барсныг түүний хүү Ян Рек саяхан мэдээлжээ.
Нөхөр, хүү хоёр нь вакцинжуулалтад хамрагдсан боловч Хана байгалийн замаар дархлаа тогтоох аргыг сонгож, шинэ жилийн өмнөхөн зориуд вирусийн халдвар авсан юм байна.
“Тэрбээр бидэнтэй хамт хэвийн амьдралд шилжихийн тулд вакцин тариулахын оронд халдвар авах замыг сонгосон юм” гэж хүүгийнх нь мэдэгдэлд өгүүлжээ.
Нас барахаасаа хоёр хоногийн өмнө Хана “Хэцүү өвчин байна. Гэхдээ тэсээд гарлаа. Одоо би театр, саун, концертод очиж, далай руу аялах боломжтой боллоо” гэж сошиал хуудсандаа бичиж байсан юм.
Ханагийн хүү Рек ээжийнх нь үхэлд орон нутгийн вакциныг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн буруутай, тэдний удирдагчид ээжийг нь ятгаж, үнэмшүүлсний улмаас эмгэнэлт байдалд хүргэснийг бичжээ.
“Ээжид маань яг хэн нөлөөлснийг би мэдэж байна. Ээж маань гэр бүлийнхнээсээ илүү гаднын хүнд итгэж байсан нь нэн харамсалтай” гэж тэр мэдэгдэлдээ бичсэн байна.
10.7 сая хүн амтай Чех улсад сүүлийн үед Омикрон хувилбар тархсаны улмаас өвчлөл эрс нэмэгдэж байгаа. Мягмар гарагт тус улсад халдварын 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Хана Хоркагийн тоглолтын бичлэг: